Д.ТОГТОХСҮРЭН 100 сая төгрөгийн хахууль авах гэж байхдаа АТГ-ынханд гардуулсан уу...

“Төлөв даруу”, “Хорхойд хоргүй” гэгдэх “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар баривчлан шалгаж байгаа. Үүний цаана улс төрийн шалтгаан байна гэх таамаг явж байна.
Мэлээллээс харахад Д.Тогтохсүрэн хадам дүү "Гала" хамтлагийн Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас 100 сая төгрөгийн хахууль авах гэж байхдаа АТГ-ынханд гардуулсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Д.Тогтохсүрэн “Зуун сая төгрөгийг бэлнээр гэртээ авч байгаад баригдсан” гэх. Чухам ямар учиртай мөнгө хаанаас авав гэдгийг тодруулахаар "Гала" хамтлагийн дуучин, Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас авсан гэх. Тус мөнгөний эх үүсвэр, серийн дугаар зэрэгт АТГ-ынхан шалгалт хийж, холбогдох хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цааш өгүүлэхэд Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга. "Гала" хамтлагийн дуучин Г.Болорцэцэгийн нагац эгч. Г.Болорцэцэг Д.Тогтохсүрэнгийн хадам дүү юм байна.
Түүний хадам дүү Г.Болорцэцэгийн хувьд 2000 оны эхэн үед мандаж, өдгөө дахин нэгдсэн "Гала" хамтлагийн дуучин гэдгийг хүмүүс мэдэх байх. Түүний нөхөр Л.Хосбаярын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь туслах нь, Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж, сүүлд "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирал байхдаа хүнд өвчнөөр таалал төгссөн. Г.Болорцэцэгийн хувьд, УИХ-ын Тамгын газар ажиллаж байсан аж.
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатарын ойрын хүн. Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэнг Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026-01-26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сар цагдан хориод буй аж. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 29-ний өдөр дуусах аж. Д.Тогтохсүрэнгийн хувьд 2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд иргэдтэй уулзалт хийж, уулзалтад нь ирсэн хүмүүст дугтуйтай мөнгө тараасан баримт байдаг. Тухайн үед үүнийгээ тайлбарлахдаа “Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын засаг дарга намайг дагуулж яваад “Өндөр настай хүн нь энэ байна” гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээсэн байдаг.
Мөн 2020 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцохдоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон гэх мэдээлэл ч байдаг.
Tumen.mn
