Төрийн хуулийг сөрсөн С.Ганбаатарын улайрсан ажиллагаа
Үнэний дуу хоолой болохоор тэмцдэг жагсагчдыг өнөө цагт бусдын бүр тодруулбал, эрх баригч, эрхтэн дархтны эрх ашгийг хамгаалах хэрэгсэл гэж хардаг болсон нь нууц биш. Итгэл үнэмшил, үзэл бодлынхоо төлөөх иргэдийн нэгдлийг ийм явцуу, нэр хүндгүй болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол өнөөгийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Ингэж хэллээ гээд эрхэм гишүүн эмзэглэж туних эрхгүйгээ эрхбиш мэдэх биз.
Тун саяхан Япон улсын иргэн, Япон улсаас манай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан, өдгөө ч Монгол Улсын төлөө, монголчуудын төлөө олон ажлыг хийсээр байгаа Такэнори Шимизүгийн ярицлагыг уншсан юм. Тэрбээр “Би Сүхбаатарын талбайд болсон ерээд оны ардчилсан хөдөлгөөнийг харж байсан. Тэр үед гадаа -20-30 градус хүйтэн ч залуусын, хүмүүсийн сэтгэл маш халуун, дулаан байсан. Тэд хувийн ашиг сонирхлын төлөө биш улсаа, Монголоо бодож байв. Тийм сэтгэгдэлтэй хүмүүс өнөө тийм ч их харагдахгүй болж байна. Өөрөөр хэлбэл, үргэлж хувийн ашиг сонирхолд анхаарал тавьдаг болжээ. Түүнд би багахан харамсаж явна” хэмээн ярьсан байна билээ.
Яг тэр ярилцлагын хэсгийг уншихтай зэрэгцэн мартагдах шахсан дурсамж, мань С.Ганбаатартай хамтдаа орж ирсэн хэрэг. Жагсагчид үзэл бодлоо хамгаалж жагсдаг байсан тэр сайн цагийг эдийн засагчийн мэргэжилтэй юм гэсэндээ мөнгө болгож харж, басхүү болгож чадсан хүн бол мань С.Ганбаатар. Санаж байгаа бол 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг. Шуудхан хэлэхэд мань хүн талбай дээр жагсаал цуглаан байгуулах зохион байгуулалтын ажлыг 20 саяар үнэлүүлж, “үнэ цэн”-д хүргэсэн. Өдгөө бүр хэм хэмжээ нь хэдэн зуун сая, тэрбумаар яригддаг болсон гэх юм билээ.
Жагсаал самарсан Ганбаагийн самраа үүгээр дуусахгүй. Мань эр бас нам самрахдаа гарамгай. 2008 оны сонгуулийн өмнөхөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон тэрбээр хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж, дараахан нь Үндэсний хөдөлмөрийн нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэгдээд Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Нам байгуулах ажиллагаа нь бүтэлгүйтснээс инагш намчирхлаас хол байна гэж тоть мэт давтах болсон ч 2016 онд ХҮН-д элсэн даргаар нь сонгогдсон ч самарч орхиод намаасаа ч, даргын суудлаасаа ч татгалзсан. Уг нь уг нам тухайн үедээ нийгэмд нэлээн их итгэл төрүүлж, олны дэмжлэг авахаар байсан ч манай хүн дараагийн сонгууль хүртэл өндийхөөргүй болтол нь бужигнуулж орхисныг улс төрийн хүрээнийхэн баримттай ярилцдаг нь бараг түүх болж үлдэж дээ.
ХҮН-ыг самарчихаад тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад эдийн засгийн зөвлөгөө өгч байсан. Сонирхолтой нь С.Ганбаатар Н.Энхбаярыг авлигын хэрэгтэй холбогдон оймсоо гозолзуулж байсан үеийг дурсах ч дургүй. Уг нь ярихгүй мэдэхгүй зүйлгүй өргөн сэдвээр попордгоороо алдартай улстөрч шүү дээ, Монголын маань.
Нам намын батлах өвөртөлж, хаясаар сүүлд О.Цогтгэрэлийн урилгаар АН-ын бүлэгт харъяалагдах болсон ч ардчилагчид түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчимгүй. Салхи хаашаа хамхуул тийшээг харуулж, үлгэрлэгч С.Ганбаатарыг нэг хэсэг нь улс төрийн “банзал”, нөгөө хэсэг нь эдийн засгийн алуурчин хэмээн дүгнэдэг. Парламентын танхимд үг хэлэхдээ босож зогсдог, эл үйлдлээ иргэдээ хүндэлж байгаа хэлбэр гэж тайлбарласаар “Босоо Ганбаа” гэгдэх болсон ч хэвтүүлж орхимоор хэрэггүй, шалиг намтартай түүний эдийн засаг, эд хөрөнгө, албан тушаал, арай ч гэж гомдмоор санхүүгийн холбогдол бүхий самарлыг дараагийн нийтлэлээрээ үргэлжлүүлье.
Тэрээр олон нийтэд шударга дүрээр харагдаж чаддаг төрөлх чадвартай хэдий ч хуулийн байгууллагын хараанаас хувийн санхүүгийн байдлаа булзааруулж чадаагүйдээ яллагдагч болоод буй. Монголын олон нийтийн улс төрийн төсөөлөл, ойлголт, ухамсар, танин мэдэхүйн түвшний дорой байдалд түшиглэн өндөр рейтингээ хадгалж явдаг цог залиа төрийн хуулийг сөрөхдөө бас дахин ашиглахаар шийджээ. Өдгөө тэрбээр өөр дээр нь үүссэн эрүүгийн хууль ёсны процессын эсрэг нийгмийн дэмжлэг, олон нийтийн хамгаалал, өмгөөллийг авахаар эрмэлзэж, увайгүй улайрсан ажиллагаа явуулж буйг та бид харж байна.









