“Ерөнхий сайд "Найрамдал” зусланд амарч буй БНХАУ-ын Ляонин мужийн хүүхдүүдтэй уулзлаа
БНХАУ-ын Ляонин мужийн Фу Сунь хотод 2013 оны 8 дугаар сард үер усны гамшиг нүүрлэж, тус бүс нутгийн ард иргэдэд их хэмжээний гарз хохирол учирсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 10 дугаар сард тус улсад айлчлал хийх үеэрээ тус мужид очиж, хүүхэд залуучуудтай уулзаж, гамшигт нэрвэгдсэн бүсийн хүүхэд, багачуудыг Монгол Улсад зочилж, амрахыг урьсан юм. Ерөнхий сайдын урилгаар Ляонин мужийн 100 хүүхэд олон улсын “Найрамдал” зусланд амарч буй бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр хүүхдүүдтэй өчигдөр уулзаж, бэлэг гардууллаа. Манай хоёр орон зэрэгцэн оршдог хөршүүд. Биднийг очиход Ляонин мужид байгалийн гамшиг нүүрлэж, харамсалтай үйл явдал тохиосон байсан. Хүнд хэцүү энэ үеийг та бүхэн даван туулж гарлаа. Ийм хэцүү хүнд цаг үе тохиолдох нэг өдөр байхад инээд хөөртэй өдрүүд ирдэг. Та бүхэн Монгол эх оронд минь тавтай зочилж, олон монгол найз нөхөдтэй болж сайхан амраарай. Зөв хүн болж төлөвших, ихийг мэдэж сурах, аав ээждээ ачлалтай, улс орондоо хэрэгтэй хүн болохыг хүүхэд бүр хүсдэг. Хүүхдүүд та нарын энэ хүсэл биелэх болтугай гэж Ерөнхий сайд хэллээ. Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн хүрээнд энэ хүүхдүүд манай улсад амарч байна. Хоёр орны Засгийн газрын хэлцэл, хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос эхлэн гурав дахь жилдээ хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд мөн байгалийн гамшигт өртсөн БНХАУ-ын Сичуан муж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр мужаас хүүхдүүд зочлон ирж “Найрамдал” зусланд амарч байжээ.