Б.Энхбаяр : Нийслэлийн АН ял шийтгэгдсэн хүнийг нэр дэвшүүлсэн үйлдэлдээ тайлбар хийвэл зохино
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичжээ.
Тэрбээр "Нийслэлийн АН бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хүнийг нэр дэвшүүлсэн үйлдэлдээ тайлбар хийвэл зохино" гэв.
Тодруулбал ойрын өдрүүдэд Нийслэлий АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа Л.Чинцогт нь бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, Т.Мөнхбат нь төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлж байсан бол О.Отгонтөгс 15-16 насандаа лангуунаас гар утас бүлэглэн хулгайлж, насанд хүрээгүй гэх шалтгаанаар ялаас мултарч байсан мэдээллүүд ил болсон.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр цахим хуудасдаа “Хүүхдийн төлөө уриатай сонгуульд оролцож буй нийслэлийн АН бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хүнийг нэр дэвшүүлсэн үйлдэлдээ тайлбар хийвэл зохино. Авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй бол хууль зүйн хувьд сонгогдох эрхтэйг ойлгож байна. Иргэд хууль зүйн хувьд сонгох эрхтэйг ч мэдэж байна. Тэхдээ ёс зүйн хувьд, тэр дундаа улс төрийн, хүний ёс зүйн хувьд ийм эрх бий юу. Энэ мэтээр ер нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн 40-өөд хүнийг яахаараа нийслэл, дүүрэгт АН нэр дэвшүүлсэн асуудалдаа тайлбар хийх нь зүйтэй” гэжээ.