З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шийтгэлийг ХҮЧИНГҮЙ болголоо

2024 оны 9 сарын 26

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.  

Түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Эргэн сануулахад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт энэ оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659120
1 эможи

keyboard_arrow_up