”Нүүрсний” xэргээр ял авсан Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр О.Угтаxбаярыг ТОРГОХ ЯЛААС чөлөөлжээ
Нүүрсний гэх тодотголтой хэргээр ял авсан 11 хүний нэг нь Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр болох Есдүгээр ноён хутаг О.Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр. Түүнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон.
Тэгвэл шүүгдэгч О.Угтахбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
О.Угтахбаяр шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамарын хийдийн лам. Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ажээ. Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон түүнийг сэнтийд нь залах ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хамарын хийдэд болж байжээ. Түүний нэрийг Отгоннамжилын Угтахбаяр гэдэг бол номын нэрийг нь Данзанлувсантүдэв гэдэг аж.