Г.Ганбат: Сөрөг хүчингүй төр засаг 120 их наяд төгрөгийн асуудлыг тендерийн хуулиас гадуур ярьж байна
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс төсвийн тодотгол, тендерийн хууль тогтоомжтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат " Монгол Улсын Их Хурал ээлжит бус хурал хийж төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан бид яаралтай хэвлэлийн хурал хийж байр сууриа нэн даруй илэрхийлэх хэрэгтэй боллоо. Манай зөвлөл бол иргэдийг төлөөлж авлигын эсрэг дуу хоолой болох чиг үүрэгтэй. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хяналтгүй төр, сөрөг хүчингүй УИХ бүрдээд байгааг бид бүгд мэдэж байгаа.
УИХ-ын 126 гишүүнээс 118 нь нэгдээд Засгийн газар байгуулаад төсөв тодотгож байна. Энэ бол хяналтгүй төрийн нэг илрэл юм. Өнөөдөр төсвийг гурван их наядаар тодотгож байна.
Хамтарсан гэх хяналтгүй, сөрөг хүчингүй Засгийн газар 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум доллароор тендерийн хуулийн гадуур буюу том бүтээн байгуулалт хийнэ гэж хэлж байна.
Гэтэл УИХ ард иргэд бухимдаж, шүүмжилсний дараа хоёр их наяд болгож бууруулсан юм шиг харагдуулсан. Сөрөг хүчингүй төр засаг том бүтээн байгуулалтыг Тендерийн хуулийн гадуур хийх талаар ярьж байгаа. Энэ бол маш том эрсдэл гэдгийг бид харах ёстой. Нэг бүлгэм болсон төр засаг Баялгийн сангийн асуудлыг их бүтээн байгуулалт нэрээр үгүй болгохоор үзэж байна. Энэ нь маш том аюулын дохио гэдгийг мэдэгдье" гэв.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч Б.Отгон " Өнөөдөр манай улсад ажлын байр , цалин нэмэгдэхгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь авлига. Иргэдийн төр засгаас хүсэж байгаа ганц зүйл бол шударга ёсыг тогтоох . Гэтэл хяналтгүй төрийн томилгоо шударга бус байгааг бид бүгд харж байгаа. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй төрийн томилгоог эргэж харах, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эдийн засгийн хортой томоохон шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.