Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет“ ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ
УИХ, Засгийн газар бүрэлдсэний дараа хоёр дахь ээлжийн улс төрчид "хоолондоо орох" томилгоо хийгдээд эхэлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 2016 оноос хойш УИХ-д сонгогдсон бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон билээ. Өдгөө 56 настай, Өвөрхангай аймгийн засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн болтлоо ажиллаж буй түүнийг сонгуулийн дараа УИХ-ын тамгын газарт ажиллана хэмээн албан бус мэдээлэл байсан боловч өнөөдөр түүнийг "Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ.
Д.Тогтосүрэнгийн хувьд 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд Аймгийн ИТХ-ын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, 2020 оноос УИх-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байжээ.









