“НОГООГ АВТОБУС“-ны хэргийн шүүх хурлыг ХОЙШЛУУЛЖЭЭ
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлоод байсан.
Тэгвэо нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.
Тодруулбал, тус хэргийн хохиролын хэмжээ нь 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлсэн гэх мэдээлэл байгаа.
Нийслэлийн прокурорын газраас
- УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
- Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд,
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд
- БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.