Ч.Ундрам гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл дахин УИХ-д сонгогдохоор хичээж явна
Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэх зорилготой парламент бүрдэхэд хэдхэн сарын хугацаа үлдсэн байна. Энэ удаагийн сонгуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэр дэвших эрхтэй. Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болох хүн өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байх ёстойг бодож байж, би энэ шалгуурт тэнцэх болов уу гэдгийг өөрөөсөө асууж, цааш явах эсэхээ шийдэх хэрэгтэй.
Энэ удаагийн парламентад сонгогдон ажиллаж буй 13 эмэгтэй гишүүний нэг болох Ч.Ундрам дээрх шалгуурт тэнцэхгүй гэдгийг бид бүгд харсан. Түүний нөхөр нь өнгөрсөн онд түүний ёс зүйгүй явдлын талаар цахим орчинд дэлгэсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлалгүй арга хэмжээ авч, хоёр хүүхдийг өөрт нь үлдээхийг хүссэн байна. “Эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй учраас УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцлуулж, адил тэгш байдлаар хандуулахын тулд энэ асуудлыг олны сонорт хүргэсэн” хэмээн тэрбээр тайлбарлаж байсан. Тэгэхдээ бид хажууд нь лаа бариад зогсож байгаагүй учраас яг юу болсныг мэдэхгүй.
Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Ундрам охиноо сандал дээрээс түлхэж унаган "Би чамайг тэжээж байна" хэмээн хашгичсан бичлэгийг дэлгэсэн юм. Зарим оронд Зөвхөн хүүхдээ хүчирхийлснийхээ төлөө л төрийн түшээ байх эрхээсээ татгалздаг. Гэвч Ч.Ундрамд энэ бүхэн ямар ч хамаагүйгээр барахгүй, өчүүхэн тайлбарыг өгч, ордондоо үлдэж байв.
Тухайн үед УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Шүүхээр асуудлыг шийдсэний дараа гомдол ирүүлсэн нөхцөлд бид хэлэлцэнэ” гэсэн бөөрөнхий хариу өгөөд л өнгөрсөн. Одоо бол бүр чимээгүй болжээ. Гэтэл одоо тэрээр дахин сонгуульд нэр дэвшихээр зэхэж , ажлаа ч эхлүүлээд байна.