Ч.Ундрам гишүүн нэг өдөр сонгогчдоо “Би та нарыг тэжээж байна. Зайл” гэх вий дээ...
“Өсөх зоос-ын эзэн Ч.Чинбатын охин Ундрам гишүүнийг "Улс төрд шинэ залуу, боловсролтой гишүүн нэмэгдлээ" хэмээн хөөргөдөж явсан нь саяхан. Аавынхаа нутагт нэр дэвшихээр очиход нь цаашаа гэх хүн байгаагүй. Нэг талаасаа боловсролтой, мөнгөтэй хүнийг цаашаа гэх хэн байхав дээ.
Өмнөговийн Гурвантэсэд нүүрсний орд эзэгнэсэн их баяны гүнж эхлээд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд бүртгэлтэй, идэвхтэн, зүтгэлтэн явсан ч эрх мэдлийн төлөө Ардчилсан намаас бус МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын суудалд заларсан эрхэм гишүүнийг нэг л өдөр нөхөр нь хүчирхийлэгч, араар нь тавигч хэмээн цахим орчноор нэг цацчихсан.
Азаар ч юм уу, золоор ч юм уу тухайн үед нүүрсний хулгайг илчлэх жагсаал болж энэ шуугиан өндрийг авалгүй тэгсгээд өндөрлөсөн. Төд удалгүй өсвөр насны охиноо зодож буй бичлэг цацагдахад ард түмэн түүнийг нээрэн л хүчирхийлэгч байна гэж харсан. Иргэдийг бухимдуулсан зүйл нь төрүүлсэн охиноо “Би чамайг тэжээж байна. Зайл чи” хэмээн хэлсэн явдал юм. Үр хүүхдээ тэжээж, өсгөх нь түүний үүрэг байтал хүүхэддээ ингэж хатуурах нь байж болох үйлдэл биш байлтай.
Түүний асуудлыг УИХ-ын Ес зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой хэмээн иргэд гарын үсэг зурж хүргүүлсэн байдаг. Ямартай ч тэр асуудал хэлэлцэгдэлгүй тэгсхийгээд намжаад өнгөрсөн. Түүнээс хойш Төрийн ордонд үзэгдэх нь багасч, цахим орчинд байр сууриа илэрхийлэх нь эрс багассан.
Сонгууль дөхсөн үед тойргоо тордох ёстой гишүүн өнөөдөр энэ мэт гэр бүлийн асуудлаас болоод олны өмнө нэг их гарч чадахгүй байгаа.
Хүний хувийн амьдрал бусдад падгүй нь үнэн. Гэхдээ ард түмний саналыг авч, төрийн эрх барих дээд байгууллагын суудалд суусан л бол тэр хүн бусдыгаа манлайлах, бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой болдог. Гэтэл тэр үүнийг хийж чадахгүй байгаад л хамаг учир байна.
Ард иргэдийг төлөөлөн суугаа гишүүн дахин сонгогдохдоо “Би та нарыг тэжээж байна. Зайл та нар” гэх вий дээ...