Хуурамч С.Одонтуяагийн хуурамч амлалт дахин Төрийн ордонд залрах уу...
Хуурамч бичиг баримт бүрдүүлж, Монгол Улсын хилээр 40 сая ам.долларын брендийн хувцас оруулж ирэн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан С.Одонтуяа гишүүний дуулиан нэг хэсэг олныг шууруулсан.
С.Одонтуяа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдоод байгаа юм.
“Авлигачидтай хатуу тэмцэнэ” гэх амлалт өгч гарч ирсэн С.Одонтуяа авлигачдын эсрэг ажиллах нь битгий хэл авлига өгч, сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нэгэн байж таарав.
Түүнчлэн тэрбээр цар тахлын үед хил дээр вакцин гацаасан гэх асуудалд ч нэр холбогдож байлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн. Энэ асуудлыг би шалгуулна” хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү эхнээсээ л тэрээр сонгуулийн зардлаа хуурамчаар бүрдүүлэн, хуурамч амлалт өгч, Төрийн ордонд заларсан юм.
Ингээд зогссонгүй УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн нь хэдэн мянган хүнийг хохироосон “койнчин” болсон.
Тэрээр эхэндээ төрсөн дүү Ө.Номинтойгоо хамтарч, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Лотс инвест” ХХК, “Сод трейд” ХХК-иудыг удирддаг байсан. Улмаар 2018 оноос койны бизнест хөл тавьсан. Тодруулбал, Ө.Үнэнбүрэн нь 2018 онд “Бит мон экс” ХХК-ийг Баярмагнайн Гантиг, Базарын Сабит нартай хамтран байгуулсан. Тэд эхлээд “Бит мон экс” ХХК-ийнхаа нэр дээр “Bitmonex” нэртэй бирж ажиллуулж, зах зээлд гарсан койнуудыг арилжаалдаг байсан. Дараа нь өөрсдөө “MNFT” нэртэй койныг зах зээлд гаргасан юм.
“МNFT” койн гаргаснаар тэр 81 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Хамгийн ноцтой нь өнөөдөр эдгээр койнууд эхнээсээ дампуурч, олон ч хүн амьдралаа алдсан юм.