Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, ₮40 саяар торгохоор шийдвэрлэв
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2024.03.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Улмаар шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноов.
Харин шүүгдэгч нар 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.









