НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нүүрсний хэргийг шүүхийн шатанд ХЯНАЖ байна
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.
Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тухайлбал, үүнээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.