А.Адъяасүрэн: Гадаадын иргэд манайд хөрөнгө оруулах, хувьцаа эзэмшихдээ төрөөс зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна
Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн А.Адъяасүрэн тэргүүтэй Ардчилсан Нам (АН)-ын гишүүд Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандлаа. Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Хөрөнгө оруулалтын тухай хууль" нь Үндсэн хууль зөрчсөн талаар тэд мэдэгдсэн юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарыг хууль зөрчсөн гэж гомдол гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Одоо хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шаардлага хангаагүй гэж үзэж УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өглөө. Энэ хуулийн төсөл үндэсний аюулгүй байдалтай зөрчилдөж байгаа тул бид дараагийн арга хэмжээг авч байна.
2013 оны хуулийн зургаадугаар бүлэгт заасан "Гадаадын хөрөнгө оруулалттай төрийн өмчит компаниудын зохицуулалт" гэж заалт байсныг шинэ хуулийн төслөөр ор тас алга болсон. Ингэснээр Үндэсний аюулгүй байдалд ноцтой зөрчил үүсэж байна. Энэ бүлэгт Монголын стратегийн салбарт буюу тодруулбал банк, уул уурхай, харилцаа холбооны салбарт гадаадын иргэн хөрөнгө оруулалт хийхээр бол 33 хувиас хэтрэхгүй байх талаар тусгасан. Энэ заалтыг авч хаяснаар гадаадын иргэд манай чухал салбаруудад хөрөнгө оруулах, хувьцаа эзэмшихдээ төрөөс зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна" гэж ярилаа.
АН-ын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн асуудлаар хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар мэдээлэв. Өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-аар анх хэлэлцэхэд нь сөрөг хүчний зүгээс цэцэд хандсан аж.
Сонгууль дөхсөн энэ үед ийм ноцтой хуулийн төслийг оруулж ирээд батлах гэж зүтгэж буйд АН-ын төлөөлөл дургүйцэж байгаагаа илэрхийлсэн юм.