УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс малчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан нар өчигдөр (2024.01.14) Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчид, иргэдтэй уулзлаа.

Энэ хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын хоёрдугаар багийн малчин П.Эрдэнбатынхаар зочилж, малын тоо толгойн хорогдолт, бэлчээрийн даац хэтрэлт, малчдад чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж, хадлан тэжээлийн нөөцийн талаар ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Баяндэлгэр сумын хувьд нутгийн зарим хэсгийн атаршсан талбайг тариалангийн талбай болгож эргэлтэд оруулан, хүн амын хэрэгцээний хүнсний ногоог тариалдаг хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байв.

Arslan.mn

Түүнчлэн бэлчээрийн хомсдол тулгамдаж, өвөлжөө, хаваржааны газрын асуудал хүндэрсэн гэдгийг малчдын зүгээс уламжилсан юм. Одоогийн байдлаар Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд гэхэд 33 айл өрх өвөлжиж байгаа бөгөөд тус сумын нийт малчдын 41 хувь нь залуу малчид байдаг гэлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, малчдад нэн шаардлагатай малын тэжээл, бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, малчдаас жишиг үнээр малын махыг худалдан авах, мөн айл өрхүүдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх гэхчилэн Улсын онцгой комиссоос нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцолж, бодит үр дүнгийн талаар санал солилцов. Төв аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60 гаруй хувьд хэтэрсэн байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Arslan.mn

Түүнчлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянжаргалан, Угтаал, Бүрэн, Алтанбулаг, Лүн суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл үүсчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр нийт 4,933,306 мал тоологдож, одоогоор 13,239 мал зүй бусаар хорогдоод байгаа аж.

Тус аймгийн хувьд хамгийн олон эрчимжсэн мал аж ахуйтай бөгөөд нийт 10 гаруй цэгт нэгдсэн байдлаар мах бэлтгэн нийлүүлж байна. Иймд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, мах бэлтгэх нэгдсэн тогтолцоог дэмжиж, чанар, стандартыг хэвшүүлэхээс гадна мал төллөлт дөхсөн энэ үед малын эрүүл мэндийг хамгаалж, мах, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654008
0 эможи

keyboard_arrow_up