З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг МАРГААШ ШҮҮНЭ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарыг шүүх хурал маргааш /2023.12.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавиад буй.
Эргэн сануулахад, З.Энхболдтой холбоотой гэгддэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуй нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан билээ.