Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа
Өмнөговь аймгийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр СБД, ЧД, БЗД-ийн эрүүгийн хэргийн шүүх дээр таслан сэргийлэх шүүхээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Бид өмнө нь Б.Бадраа нь өнгөрсөн долоо хоногт БНСУ руу явсан талаар мэдээллэсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.