ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн компаниараа дамжуулан 19,6 тэрбумын ШУУДАЙГ “Тавантолгой Түлш“ ХХК руу нийлүүлсэн байжээ
Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Хянан шалгагч, "Тавантолгой түлш ХХК 997.2 ТЭРБУМ төгрөгийн өртэй, 583.9 ТЭРБУМ төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нийт өр төлбөрийн 96 хувийг ЭТТ ХК-аас санхүүжүүлж байна хэмээн мэдээлэл өглөө.
Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018-2023 онд ажиллаж буй Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 19.6 тэрбум төгрөгийн шуудайг шахсан баримт нь илэрчээ.
Тодруулбал, түүний хамаарал бүхий компани болох СБМ Хангай ХХК нь 2019-2023 онд Тавантолгой түлш ХХК руу 19.6 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн нь шинжээчдийн баримтаар нотлогджээ.
Мөн Л.Одхүү нь МБҮ ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд С.Бямбасүрэнтэй хамтарсан нэгдмэл сонирхолтой гэдгийг баримтаар баталжээ. МБҮ ХХК нь мөн л Тавантолгой түлш ХХК руу нийлүүлэлт хийдэг компаниудын нэг байжээ. Л.Одхүү нь өмнө нь ГЕГ-ын Санхүүгийн даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул нь Алтан хот ББСБ-ийг эзэмшдэг. Тэгвэл Алтан Хот ББСБ-ийг Б.Оюунзулаас гадна Бадамжунайн Оюунбилэг, НИТХ-ын дарга, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нар хамтран эзэмшдэг байжээ.
Өөрөөр хэлбэл Тавантолгой түлш ХХК нь н.Бадамжунайн гэр бүл, төрөл төрөгсдийн мэдэлд бүрэн орсон байсан нь энэхүү мөнгө угаалтын сүлжээгээр харагдаж байна.