Б.Серикжан: “Эрдэнэс Тавантолгой“-н мөнгөөр Казахстанд үнэтэй орон сууц барьсныг мэдэхгүй. Эр хүн нэг л эх оронтой байх ёстой гэж үздэг
УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа билээ.
Энэ үеэр гишүүн Д.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компанид 13 жил ажилласан Б.Серикжанаас асуух асуулт байна. Олон жил ажилласан учраас бүх зовлон, жаргалыг нь мэддэг байж таарна. Хэн таныг ажилд тавьсан юм бэ? Намууд солигдохоор дарга нар бүгд солигддог. Гэтэл та л үлдсэн байна. Казахстаны Алматы, Астана аль нэг хотод нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн мөнгөөр маш үнэтэй орон сууцны хорооллууд боссон гэх мэдээлэл сонссон. Үүнтэй ямар хүн холбоотой юм бэ? " гэв.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан "Би анх 2011 оны долдугаар сарын 1-нд ажилд орж байсан.
Тухайн үед өргөдлөө өгөөд ажилд орж байснаас хэн нэгэн этгээд намайг дэмжээд ажилд аваагүй. Миний хувьд н.Энэбиш захирлын үед ажилд орсон.
Казахстаны орон сууцны хорооллыг мэдэхгүй юм байна. Анх удаа танаас л сонслоо. Эр хүн нэг л эх оронтой байх ёстой гэж би үздэг. Эх орныхоо атга шороог ч болтугай үнэ цэнд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Надад ямар нэгэн танил тал эсвэл улс төрийн нөлөө бүхий хүн байхгүйг албан ёсоор илэрхийлье." гэв.