С.Баярцогт: Намайг яагаад энд дуудсаныг ойлгохгүй л байна
"Нүүрсний хулгай"-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
Энэ удаагийн сонсголд Сангийн сайд асан С.Баярцогт гэрчээр дуудагдсан.
С.Баярцогт "Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүл гэдэг үүргийг УИХ-аас авч байсан. Эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь буруу байсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм уу? Энэ гэрээг хийхэд Засгийн газар оролцоогүй.
Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. 2008, 2009 он бол Монгол Улсын хувьд хамгийн хүнд үе байсан. Оюутолгой болон Тавантолгойн орд дээр хэлэлцээрүүдийг эрчимтэй хийж байв.
Монгол Улс дэлхийн хамгийн сонирхолтой бизнесийн орчин, хөрөнгө оруулах нөхцөлтэй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан алтан үе. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээнүүдийг хийж, өндөр өсөлтийг бий болгож чадсан юм. Хоёр том ордыг хөдөлгөснөөр их хэмжээний ажлын байр, дагалдсан дунд болон жижиг үйлдвэрүүд бий болсон.
2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой.
Энэ графикийг харахаар 2011, 2012 ондоо өндөр. 2013, 2014 ондоо унаад 2015 оноос хойш дандаа индексжүүлсэн үнэ давж байгаа буюу бодлого буруу явсан нь шууд харагдаж байна. Яригдаад байгаа тэр хулгай чинь тэр хугарлын цэгээс хойш гарч байгаа зүйл" гэв.