Ч.Хүрэлбаатар: Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, МӨНГӨ ТАРААГААД эхэлчихсэн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн тойрогтой холбоотой санал хэлсэн юм.
Тэрбээр “Нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ баталж өгөөч.Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийчихсэн. Дараагийнхаа хэлэлцүүлгийг гүйцээж хиймээр байна. 62 сая тонн нүүрс гарсан байгаа. Эдийн засагтай холбоотой хууль тогтоомжийн байдлаа гаргамаар байна.
Хоёрдугаарт ирэх жил сонгууль болно. УИХ сонгуулийн тов тогтоох ёстой. Хуулийн хугацаа нь дуусаж байна. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна.
Жижиг тойрогтой яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тиймээс сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ одоогийн тойргоо томсгомоор байна.
Тухайлбал Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгочихвол тэнд эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох хэрэгтэй.
Иймд УИХ-ын даргаа сонгуулийн тойрог, тов тогтоох тухай асуудлыг томруулах тал дээр ярьж, шийдэж өгөхийг хүсье" гэв.