МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир ажлаа өгч, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа тул шинэ он гарахаас өмнө ажлаа өгөхөөр төлөвлөжээ.
Тодруулбал, Б.Мөнхтамир 2024 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс дэвшихээр намын удирдлагуудтайгаа тохирч, квотоо авсан гэх мэдээлэл бий.
Түүний хувьд МАН-ын залуучуудын байгууллагуудаар дамжин шат ахисаар МИАТ компанийг гүйцэтгэх захирал болсон бол өдгөө УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байгаа бололтой.
Тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдож байсан нэгэн. Товчхондоо тэрбээр МАН-ын угшилтай нэгэн.
Б.Мөнхтамир нь МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2021 оны 10 дугаар сараас эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн бөгөөд Төрийн хэмнэлтийн хууль батлагдан гарсны дараа буюу 2022 оны зургаа болон долоодугаар сард Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 100 сая төгрөг төлж зар сурталчилгаа хийлгэсэн гэх асуудалд нэр холбогдож олны шүүмжлэлийг дагуулж байсан.