Б.Энхбаяр: Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ
Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн газар олголтын асуудлыг хөндөв. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Газар олгосон компаниудын захирал нь Монгол нэртэй хүн байгаа учир Монгол гэж ойлгоод байгаа юм байна. Нүүрсний хулгайтай холбоотой сонсголоор олон зүйл илчилж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ. Учир нь нэр нь Монгол, цаанаа нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн хувь хүн, хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудал тодорхой боллоо. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал. Гэтэл хажууд сууж байгаа гишүүн “Энэ газрын асуудлыг ярьж яах гэж байгаа юм, нүүрсээ л ярья” гэх юм. Нүүрсний тээвэр, терминал гэсэн зориулалтаар Цагаан хадны орчмын газрыг яаж, хэнд зарсан бэ гэдэг асуудал яригдаад байна. Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарсан, өнгө мөнгө бүх зүйлээ худалдсан, хууль, шүүх үйлчилдэггүй газар болсны нотолгоо өнөөдөр харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зогсоож, араг хэмжээ авах ёстой” гэлээ.