Д.Бат-Эрдэнэ: Миний Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг
"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсгол 2023 оны 12 дугаар сард явагдаж, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Миний Өмнөговийнхон бүгдээрээ надтай уулзаж байгаа. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулах болов оо гэж ярьж байна. УИХ нь яагаад хүн айлгаж, байцаан шийтгэх маягтай болсон юм бэ. Ирэхгүй бол эрүүгийн хуулиар гэдэг, хүн айлгасан өнгө аястай байгаа юм.
Намайг олны өмнө хулгайч худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Өмнөговийн хүмүүс надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энэ хүмүүс айдастай байна. Бүгд миний дүү нар, залуучууд, би сургаж явдаг.
Цогтцэций, Ханбогд гээд бүх нутагт Өмнөговийнхон алхах, малаа бэлчээх газаргүй байгаа. Тэгсэн ч Монголын хөгжилтэй холбоотой асуудал, цаашдаа би хамтраад, дэмжээд явна гэдэг хамт олон. Нэг экскаваторыг дөрвөн залуу хуваагаад хөрс хуулалтад оруулах болохгүй зүйл юу байгаа юм. Миний Өмнөговийнхон өөр юу хийх юм" хэмээн ярьсан билээ.
Тэгвэл түүний хэрэг өнөөдөр прокурор дээр явж байгаа юм.
Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.
Түүнийг ажлаа өгснөөс хойш "Таватолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ.
Түүнчлэн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.