Ц.Туваан: Эдийн засгийг гол явуулж байдаг мөнгөний урсгал алга, мөнгө нүхэнд ороод алга болчихож
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Хөдөө орон нутгаар явахаар иргэд маш бухимдалтай байна. Учир нь малаа нядлаад борлуулах гэхээр авдаг хүн алга, мөнгө байхгүй. Тариаланчид тариа будаагаа, ногоочид ногоогоо, хадланчид тэжээлээ борлуулах гэхээр дандаа бартер ярьж байна.
Эдийн засгийг гол явуулж байдаг мөнгөний урсгал алга, мөнгө нүхэнд ороод алга болчхож. Иймд Монголбанкныхан байгаа дээр нь асууя, бодлогын хүүгээ ингэж өндөрсгөөд, зээл царцаагаад, мөнгө хөдлөхгүй байхад хүмүүс бүтээсэн зүйлсээ юугаар борлуулж, хэрэгцээгээ хангах мөнгөө хаанаас олж авах вэ. Бодлогын хүүгээ хэзээ бууруулах вэ?
Орон нутагт амьдарч байгаа хүмүүс мөнгөгүйдлээ шийдэхийн тулд зээлээр л явж байгаа. Зарим аймагт, ялангуяа зүүн тал руу зээл, зээр хоёроор л амьдарч байна гэдэг болсон.
Зээлийн хүү өндөр, олдохоо больсон. Банкнаас зээл гарахаа больж, банк бусууд ачааллаа бараг даахгүй байгаа байх. Одоо аппликэйшний зээл руу орчихсон. Тэгэхээр Монголбанк аппликэйшний зээлд хэдэн төгрөг эргэлдэж байгаа вэ, та нарт тоо бий юу? Зарим хүн 2.9 их наяд төгрөг гэсэн тоог надад хэлж байгаа. Мөнгөний бодлого барьж байгаагийн хувьд та нар хэмжээ, хүүг нь хэлээд өгөөч." хэмээлээ.