АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын гүйцэтгэлээс 860 тэрбум төгрөгийн ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо.
Тус чиглэлийн 267 километр замыг аудитын дүгнэлтэд хамруулжээ.
Аудитор:
-Сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан-
Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлбэрээр ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна.
Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг гүйцэтгэгч сонгох гэрээ байгуулах ажлыг 16 хоногт багтаахыг даалгасан байгаа. Мөн тав хоногт ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоор заасан нь сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан гэж дүгнэсэн.
Тавантолгой төмөр зам компани нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг мөрдөөгүй байна гэж дүгнэсэн.
-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын бодит гүйцэтгэлээс 57 тэрбум төгрөгийн санхүүжилтийг илүү олгожээ-
“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь Интернэшнл” компанитай 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр зам, замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаар баталгаажуулсан гэж дүгнэсэн. Уг магадлалын ерөнхий дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын тушаалаар экспортын ажлыг томилсон байхад ажлын хэсгийн нэг гишүүн нь экспертийн дүгнэлтийг бие даан гаргасан ашиг сонирхлын зөрчил байсан.
"Бодь Интернэшнл" компанид 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн албан бичгийг хүргүүлэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн 3.5-д заасны дагуу Гашуунсухайт өртөөнд шилжүүлэн ачих барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг мэдэгдэж, ТЭЗҮ-д заасан үнийн дүнгээр хийх ажлын тоо хэмжээг мэдэгдсэн.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийн ажлын бодит гүйцэтгэлээс 16 сая ам.доллар 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр 804.7 сая ам.доллар буюу хоёр их наяд 762.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн холболтын цэгийг эцэслэн тогтоогоогүй.
Нийтдээ 860.1 тэрбум төгрөгийн 29 зөрчил илэрсэн. Зургаан зөвлөмжийг өгсөн. 651 сая төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон. 602.3 тэрбум төгрөгийн гурван албан шаардлага дөрвөн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.