Б.Бат-Эрдэнэ: Боксын холбооны санхүүжилтийг ЗОГСООНО
Засгийн газрын Лхагва гараг (2023.10.18)-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улс 2024 оны олимпод “цагаан туг”-ийн дор оролцох эрсдэлтэй болоод буйтай холбоотойгоор Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид олон улсын допингийн эсрэг WADA-гийн төлөөлөлтэй уулзсан. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсон. Намрын чуулганаар энэ хуулийг батална. Энэ хуульд допингийн нэг бүлэг нэмсэн. Ингэхдээ WADA-гаас тавьдаг шалгуурыг бүхэлд нь оруулсан.
Тус байгууллагаас бидэнд үндэсний дүрмээ яаралтай батлах зөвлөмж өгснийг биелүүлж, бидэнд ирүүлсэн, зургаан төрлийн зөрчлийг арилгахаар БНСУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэх төлбөрийг Засгийн газраас шилжүүлсэн. Эдгээр зөрчил бүгд шинжилгээтэй холбоотой.
Манай улсын допингийн асуудал олон жил ужгирсан. Иймд Азийн наадамд оролцсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар би Боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор албан бичиг илгээгээд байна. Төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр допингийн асуудал гаргасан спортын холбоог дэмжихгүй” гэлээ.