Д.Цогтбаатар: Хоёр хувийг буцаан олгож болж байгаа бол таван хувийг олгох БОЛОМЖ БАЙГАА гэсэн үг
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг олон нийтэд танилцуулж, хамгийн анхны олон нийтийн санал асуулгыг НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжих эсэх талаар эхлүүлсэн. Тэгвэл энэ нь эдийн засгийн хувьд хэр боломжтой, ямар ач холбогдолтой талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Өнөөдрийн нөхцөл НӨАТ-ын буцаан олголтоор хоёр хувийг өгч болж байна шүү дээ. Хоёр хувийг буцаан олгож болж байгаа бол таван хувийг олгох боломж байгаа гэсэн үг. Эдийн засгийн тооцоо бий юу гэж хүмүүс их асууж байгаа. НӨАТ гэдэг бол бүртгэл тайлан тооцоог илүү сайжруулдаг татварын хэлбэр шүү дээ. НӨАТ-ыг анх нэвтрүүлэхэд компаниудын борлуулалтын мэдээлэл, тайлан тооцоо сайжирсан. Татвар төлөгчдийн тоо хамаагүй нэмэгдээд ирсэн шүү дээ. Гэхдээ өнөөдөр татвараас зайлсхийж байгаа бизнесүүд олон бий. Буцаан олголт нэмэгдээд ирэнгүүт компаниуд өөрсдөө сонирхоод эхэлнэ шүү дээ. Компаниудаас гадна жижиг бизнес эрхлэгчид, хувь иргэд сонирхоно. Тэгэхээр үүнд оролцох эдийн засгийн хөшүүрэг сонирхол нэмэгдэж байгаа юм. Олон хүн татвар төлөөд эхлэхээр татвар нэмэгдэнэ. Зөрүү нь гараад ирнэ. Бусад орнуудын жишээг харахад, Норвеги 25 хувийг бүрдүүлдэг. Барууны орнуудад 10-20 хувийг төлж, буцаан олголт хийдэг. Тэгэхээр ийм хэмжээний буцаан олголтыг олгох нь зөв.
Гадаад худалдаа эрхэлж байгаа компаниудын хувьд гааль дээр татвараа төлж байгаа. Гэтэл гааль дээр татвараа төлөхдөө гаалийнхантайгаа тохиролцоод, татвараа бага төлөх үүднээс өгч буй мэдүүлгээ өөрчилдөг асуудал байна. Уг нь гааль болон НӨАТ-ын мэдээ мөргөж байх ёстой. Гэтэл мөргөхгүй тохиолдлууд байна. Тэгэхээр буцаан олголтыг нэмж татвараа төлөх сонирхол нэмэгдээд ирэнгүүт нь гаальд мэдээллээ илүү үнэн зөв өгөх магадлал илүү нэмэгдэнэ. Мэдээж гаальтай холбоотой ажиллах ёстой бусад асуудлууд бий" гэв.