Х.Ганхуяг: Татвар тэлэхийн хэрээр татварын бааз суурь тэлж, иргэд НӨАТ-аа нэхэж шаардаж авдаг болно
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг олон нийтэд танилцуулж, хамгийн анхны олон нийтийн санал асуулгыг НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжих эсэх талаар эхлүүлсэн. Тэгвэл энэ нь эдийн засгийн хувьд хэр боломжтой, ямар ач холбогдолтой талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг хэрэгжүүлэхээс өмнө НӨАТ-ын татвараас 2.7 их наяд төгрөг хуримтлагддаг байсан. Хоёр хувийг буцаан олгосноор НАӨТ-аар бүрдэж байгаа татварын орлого 4.7 их наяд төгрөг байгаа юм. Нэг хэсэг сугалаа хийхгүй явж үзсэн шүү дээ. Тухайн үед НӨАТ-ын орлого нэлээдгүй хэмжээгээр буурсан. Заавал сугалаа явуулж байж идэвхждэг нөхцөл байдал үүсчихээд байна. Зах худалдааны төвөөр явахад ч тэр "НӨАТ-гүй авбал таван хувь хямдруулаад өгье" гэдэг зүйлийг худалдаачид хэлдэг. Энэ нөхцөлд зарим иргэд и баримтад бүртгүүлэхээс залхуурдаг. Зарим хэсэг нь хоёр хувийн оронд таван хувь нь дээр юм байна гэсэн сэтгэхүйтэй байна. НӨАТ-ын сугалааг явуулахгүйгээр таван хувийн буцаан олголтоо өгвөл татварын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ч багасна. 2024 оны төсвөөр НӨАТ-ын татвараар 5.7 их наяд төгрөг хуримтлуулна гэсэн таамагтай байгаа юм. Таван хувиар олгож эхлэхэд ойролцоогоор 600 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмэлтээр гарна. Гэхдээ эргээгээд татвар тэлэхийн хэрээр татварын бааз суурь тэлж, иргэд НӨАТ-аа нэхэж шаардаж авдаг болно" гэв.