Д.Гантулга: Солонгосын талыг БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан прокурорын байгууллагад нь шалгуулах болсноо МЭДЭГДЬЕ
ХҮН намын гишүүд өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын намрын чуулган болон нийтийн тээврийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "НИТХ дахь ХҮН намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа. "Zyle Daewoo" гэх компанийн дэд ерөнхийлөгч Ким хэмээх хүн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ энэ бол цоо шинэ автобус бөгөөд шинэ автобус нь хуучин мэт харагдсанд уучлаарай гэлээ. Үргэлжлүүлээд хуучин гэж яриад байгаа монголчуудыг, арлынх нь дугаарыг шалгахаар 1993 он гэж гарч ирээд байна гэж мэдээлсэн хүмүүсийг шүүхэд өгнө гэв.
Тэгэхээр энэ асуудал бол бид бүхний харж байгаагаар хил дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байна. Иймд шалгуулна. Тодруулбал Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газар(АТГ), Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-т хандаад байна.
Мөн солонгосын талыг ч шалгуулна. БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж, Солонгосын прокурорын газарт шалгуулах болсноо мэдэгдэж байна" гэлээ.
Хууль хяналтын байгууллагууд нь шалгаад, эдгээр автобус талбай дээр иргэд очиж харсан шиг хуучин байна уу, дарга нар хууль зөрчсөн байна уу гэдгийг тогтоох учиртайг хурлын үеэр тэрбээр онцолж байв. Түүнчлэн нийслэлд хийгдэж буй худалдан авалтуудыг ХҮН намынхан бүгдийг нь шалгаж, иргэдэд мэдээлнэ хэмээлээ.