Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг байдаг аж. Ерөнхий сайд Булган аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай эхлээд танилцжээ. Тус цэцэрлэгийн барилгын ажил 2022 оны тавдугаар сараас эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ.
Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан байна. Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх сувиллын барилга нь хуучирч мууджээ. 1957 онд ашиглалтад орсон, 66 жилийн настай одоогийн барилга яслийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахааргүй болсон байна. 40 хүүхэд авах хүчин чадалтай ч Булган сумын хэмжээнд яслид хамрагдах хүүхэд илүү олон байдаг ажээ. Тиймээс шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.
Мөн Ерөнхий сайд Булган аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулжээ. Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө.