А.В.Куренков: 2025 онд Хабаровскийн хязгаарт Монгол, ОХУ, БНХАУ-ын аврах албадын сургуулилалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна
ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков Монгол Улсад ажлын айлчлал хийхээр иржээ.
Шадар сайд С.Амарсайхан зочдыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Тэрбээр "Монгол, ОХУ-ын онцгой байдлын салбарт олон жил хамтран ажиллаж, туршлага солилцох, шаардлагатай үед дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаж ирсэн.
1995 онд үйлдвэрлэлийн осол, гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх, үр дагаврыг арилгах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, бодит ажил хэрэг болгоход хоёр тал хичээн ажиллаж байгаа. Хамгийн сүүлд хамтарсан комиссын 19 дүгээр хурал амжилттай зохион байгуулагдсан.
Хөвсгөл нуурт живсэн автомашин, техник хэрэгсэл, Сүхбаатар онгоц, шатахууныг гаргахад техникийн туслалцаа болон мэргэжлийн арга зүй үзүүлж, эрэн хайх үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд талархал илэрхийлье.
Монгол, ОХУ Хөвсгөл, Байгал нуур, хил орчмын гол усыг хамгаалах, ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар алба хаагчид харилцан сургалт, семинар зохион байгуулж, жил ирэх тусам хамтын үйл ажиллагаа өргөжиж байна.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд онцгой хүндрэл бэрхшээлийг авчирч байна. Үүнээс үүдэн гамшиг ослын тоо нэмэгдэх, байгалийн гамшигт үзэгдлүүд олшрохоос үүдэн бүс нутаг болон дэлхий нийтийг хамарсан гамшиг ослууд нэмэгдэх хандлага бий болсныг та бүхэн харж байгаа. Энэ чиглэлээр бид хамтарч ажиллах шаардлага нэмэгдэж байна.
2001 оноос хойш хоёр улс алба хаагчдыг сургах, дадлагажуулах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бий.
Үүнээс гадна онцгой байдлын салбарын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэрэг бүхий л хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Энэ чиглэлээр та бүхнээс туршлага судлах, нэвтрүүлэх шийдлүүд бий.
Өндөр барилга байгууламжийн болон ой хээрийн гал түймэртэй тэмцэх, сүүлийн үеийн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах асуудлаар хамтарч ажиллах сонирхолтой байна.
Гал эсэргүүцэх албаны академи болон Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд алба хаагчид суралцаж байсан туршлага бий. Эдгээр алба хаагчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна" гэв.
ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков "2002 онд ОХУ, Монгол Улсын онцгой байдлын газар хамтран шумбалтын сургалтыг Хөвсгөл болон Байгал нуурт зохион байгуулсан. Мөн гал унтраах сөнөөгчдийг бэлтгэх арга хэмжээг явуулсан.
Хил дамнасан байгалийн гамшгаас урьдчилсан сэргийлэх, шуурхай албадын мэдээлэл солилцох, хөгжүүлэх, ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа сургуульд алба хаагчдыг бэлдэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, өргөжүүлэх сонирхолтой байна.
Олон давхар барилгын гал түймрийг унтраах, үүнээс урьдчилан сэргийлэх, ойн болон хээрийн гал түймрийг унтраах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Гал унтраах мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал байна. Эдгээрийг 2024-2025 хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд оруулна.
Үүнээс гадна уулын аврагчдыг бэлтгэх, эрэн хайх, аврах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүмүүст тусламж үзүүлэх сэтгэл зүйчийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.
Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан гурван улсын аврах албадын хамтын ажиллагааг бүрэн бэхжүүлэх сонирхолтой байна. 2025 онд Хабаровскийн хязгаарт Монгол, ОХУ, БНХАУ-ын сургуулилалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Монголын онцгой байдлын салбарын алба хаагчдыг Москвад биш Монголоос цахимаар холбогдон бэлтгэх боломжтой" хэмээн хэллээ.
ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзалт хийх юм байна.