Ирэх оны төсвийн төслийг баасан гарагт УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хонош бүрийн лхагва гарагт болдог. Өнөөдрийн ээлжит хуралдааныг өчигдөр /2023.09.26/ хийсэн билээ.
Өчигдрийн хуралдаанаар:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Улмаар ирэх 2024 оны төсвийн төслийг баасан гарагт /2023.09.29/ УИХ-д өргөн барих төлөвтэй байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосон аж.