“Сахал“ Д.Эрдэнэбилэг “гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан“ гэх ХЭРЭГТ шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн.
Тухайлбал, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан, “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг энэ оны хоёрдугаар сарын 9-нд Сингапур руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаад байгаа юм.









