Т.Аюурсайхан: Надад нууж хаах зүйл байхгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ. Өнөөдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 14.00 цагаас эхлэх товтой. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэргээр эхлүүлнэ.
Тэгвэл шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Т.Аюурсайхан хүрэлцэн ирлээ.
Тэрбээр "Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнө нь ч удаа дараа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогссон. Ингэхдээ олон дайсан хураасан байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Зохион байгуулалттайгаар энэ асуудлыг өндөр авхууллаа.
Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг ил тодоор харах байх гэж итгэж байна.
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг би одоо ороод нээлттэй тавина.
Надад нууж хаах зүйл байхгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэсэн итгэл үнэмшлээр өнөөдрийг хүрсэн" гэв.