НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг прокуророос шалгаж шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт товлосон байна.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүн байх үедээ, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан.
Түүнээс гадна нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан.