Энэ зуны УЛС ТӨР
Энэ зуны улс төр ил талдаа тун тайван, харин хөшигний ард нэлээд ширүүн байгаа бололтой. 2024 оны сонгууль хаалга тогшоод эхэлсэн энэ цаг үед улс төр тайван байна гэдэг ч угаасаа утгагүй. Ирэх парламентын сонгууль ч тун онцлогтой болно. Хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмсэн. Тэгэхээр 2024 онд бид хомилог сонгууль явуулж, 126 гишүүнтэй болно гэсэн үг.
Төрийн ордон ч 126 гишүүнээ хүлээн авах бэлтгэлийг энэ зунаас эхэлж байна. Тодруулбал, Төрийн ордны баруун талд байрлах ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, чиг үүргийг нь УИХ-ын Тамгын газарт нэгтгэх шийдвэр гаргасан. Улмаар тус хүрээлэнгийн байрыг ирэх сарын 1-ний дотор УИХ-ын Тамгын газарт шилжүүлэн өгөх учиртай. Тэр байранд 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын зарим ажилтныг суулгаж, Төрийн ордон 126 гишүүнээ угтаж авах гэнэ.
Тэгвэл том жижиг гэлтгүй намууд ч ирэх сонгуульдаа мэдээж ил далд хэлбэрээр бэлдээд эхэлсэн. Дотооддоо зохион байгуулалт хийж, намын нэрийн жагсаалтыг ямархуу өнгө аясаар бүрдүүлэх, хэн хэнийг багтаах талаар хөшигний ард яригдаж байна. Ирэх сонгуулиар 48 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар сонгох учиртай. Бас л том тоо. Энэ жагсаалтад багтахын төлөө нэлээд юм болно. Зарим улстөрчдийн хувьд одоогоор нутгийнхаа найр, наадам хэсч, шагнал урамшуулал гардуулсан шиг явна. Зарим нь бүүр сонгуулийн штабаа байгуулаад эхэлсэн ч сураг байна.
Энэ дундаас АН-ынхан л "тайван" байгаад байна. Тэд эвлэж нэгдэхдээ яарахгүй, эсвэл учраа олцгоохгүй л байх шиг. АН-д шинэ фракц, хөдөлгөөнүүд мэндэлсээр. Уг нь энэ сарын 8-нд буюу наадмын өмнө асуудлаа шийдэхээр ҮБХ-гоо хуралдуулахаар товлосон байсан ч хурал нь хойшилсон. Удахгүй хурлаа товлож асуудлаа ярилцахаар энд тэнд албан бус уулзалтууд өрнөж байгаа ч нэг л амжилт олохгүй байх шиг.
Мөн жижиг намууд нэлээд хөдөлгөөн орж, дүрмийн шинэчлэл, намын даргын өөрчлөлт хийж байна. Шинээр нам байгуулах хүсэлтүүд ч шүүхэд ирж, ийш тийш бичиг цаас шидэлцэж, намын өөрчлөлтөө бүртгүүлэхээр шүүхийн үүд сахих хэсэг ч байгаа сурагтай.
Энэ зуны улс төр иймэрхүү бүрхэг, яах ийх нь мэдэгдэхгүй байх нь. Ганцхан сар хүлээчихвэл улс төр жинхэнэ утгаараа буцалж эхлэх биз ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|