Х.Нямбаатар: “Чайна энержи“ компаниар хилийн төмөр замаа холбуулж, жилд 20 сая тонноос доошгүй НҮҮРС НИЙЛҮҮЛНЭ
Засгийн газар энэ сарын 5-нд Монгол, Хятадын 1955 оны хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн батлуулахаар УИХ-д өргөн барьжээ. УИХ уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: -УИХ-ын гишүүдийн зарим нь өнөөдөр ямар шийдвэр гаргах гэж байгаагаа ойлгож байгаа юу. Гашуунсухайт-Ганц модны төмөр замыг холбох ажлыг "Чайна энержи"-гээр хийлгэх тогтоол гаргах гэж байна. Мөн энэ тогтоолын дөрөв дэх заалтаар "Чайна энержи" компанитай гэрээ байгуулж жил бүр 20 сая тонноос доошгүй нүүрсийг олгохоор байна. Энэ компанид ингээд давуу эрх олгочихоор эрсдэл үүсэх юм биш үү. Сөрөг зүйл гарвал тогтоол, гэрээгээ өөрчлөх боломжтой юу?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: -Гашуунсухайт-Ганц модны төмөр зам холбогдож ашиглалтад орсноос хойш жил бүр 20 сая тонноос доошгүй нүүрсийг тогтвортой үнээр худалдана агуулгатай гэрээ байгуулахаар тохиролцсон. С.Бямбацогт сайд, Ж.Ганбат дарга бид нар энэ компанийн удирдлагуудтай хэлэлцээ хийсэн. Нэг зүйлийг маш тодорхой ярьсан. Одоо БНХАУ-тай худалдаа хийж байгаа нүүрсний квотод энэ нүүрсний хэмжээ орохгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ.