О.Цогтгэрэл: 2022 онд Монгол Улсын нийт өр зээл 8 их наяд 41 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ үеэр "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл яригдаж байна. Засгийн газраас төсвийн гүйцэтгэлийг онцгой сайн үзүүлэлттэй гарсан гэж тайлбарлаад байх юм. Аудитын газраас тодруулмаар байна. Өр төлбөрийн дүнг харахаар богино хугацаат өр төлбөр өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж, урт хугацаат өр төлбөр нь 6.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт зөвхөн өнгөрсөн оны эхлэл төгсгөлийн хооронд 8 их наяд 41 тэрбум төгрөгөөр Монгол Улсын нийт өр зээл нэмэгдсэн байна. Үүнд аудитын газраас ямар дүгнэлт хийсэн бэ. Нэг жилийн дотор 8 их наяд төгрөгийн өр үүсгэсэн байна. Дарханы замаас өөр бодитоор үзэгдэж харагдсан бүтээн байгуулалт алга. Гэтэл энэ их өрийн ард ямар нэгэн бодит зардал байх ёстой. Тэр нь тодорхойгүй байгааг аудитын байгууллага анхаарч ажиллах шаардлагатай байна." хэмээлээ.