“...Өнөрөөд зориулсан эвентэд урья“

2023 оны 7 сарын 03

Arslan.mn

"...АН-ын улс төрийн клубууд болон ҮБХ-ны гишүүдийг "Grand meeting" зөвлөгөөнд урьж байна" гэсэн зар өнгөрсөн долоо хоногт АН-ынхан дунд таржээ. Тэгээд "...Жич: Клубуудээс өгсөн нэрсийн дагуу  бүртгэлтэй хүмүүс оролцоно" хэмээжээ. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс АН-ын удирдлага, ҮБХ-ны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, дунд шатны ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн клубуудэд харъяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцуулахаа нэмж зарласан байна.

Уг уулзалт зөвлөгөөн нь "...Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, тус нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубууд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсож, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа" гэж тайлбарлажээ.

Зөвлөгөөнөөр "Улс төрийн эстаблишмэнт ба АН-ын шинэчлэл", "Шинэ улс төр, залуучуудын оролцоо", "МАН: Ам ажлын зөрүү, алдагдсан он жилүүд", "Дэлхий ба Монгол" сэдвүүдээр хэлэлцүүлэг хийх юм байна. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн АН-ын энэ уулзалтыг хэн зохион байгуулж буй нь тодорхойгүй байгаа юм. Өөрсдөө "...Бид" гэж зарлаагүй. Лав АН-ын одоогийн удирдлагууд оролцоогүй байна. Харин нөгөө хоёр "экс"-ийн нэг зохион байгуулж байгаа бололтой. Яагаав, нэг нь Баянголд, нөгөө нь Солонгост дуудаад санал тавиад байдаг гэж ярьдаг даа. Тэгвэл энэхүү "Grand meeting" зөвлөгөөнийг Солонгост дууддаг "экс"-ийн зүгээс зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, АН-ын албан ёсны генсек болох Өнөрөөгийнхөө "сурталчилгаа"-нд зориулан зохион буй эвент аж. Шулуухан л "...Өнөрөөд зориулсан эвентэд урья" гэчихсэн ч болохоор арга хэмжээ юм байна.

Ер нь бол Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш хоёр "экс" амар заяаг нь үзүүлэхгүй байгаа дуулддаг. Нэг нь ийнхүү генсекийн суудал, нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг нэхдэг. Нөгөө нь "...30 хувь" гээд үргэлжилнэ. Гэхдээ сүүлийн үед "...Лу.Гантөмөр Солонгост нөгөөхтэй тохироо хийж надтай ярьснаасаа буцлаа" гэх болсон.

Бас АН-ын дарга, УИХ-ын зургаан гишүүний санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөний ард нөгөө "экс"-ээ байгаа гэж хардаж байгаа юм байна. Тиймээс ҮБХ-ны хурал зарлуулж, Лу.Гантөмөрийг огцруулах шаардлага тавихаар зэхэж бэлдээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. АН-ын эргэн тойрон дахь энэ мэтийн зарим үйл явдлыг "...Ордны тамхины цэгээс" гэдэг шиг  улс төрийн хүрээнд ингэж ярьж байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648621
0 эможи

keyboard_arrow_up