С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр төлбөл халамжийн орон руу буцаад орно
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлөх талаар МАН бүлгийн хурал дээрээ гишүүдтэйгээ ярьж нэгдсэн шийдэлд хүрсэн үү. Улс орны эдийн засаг нийгмийн асуудлыг ингэж сүйрүүлж болохгүй. Хамгийн гол нь шударга хөдөлмөр эрхэлж, татвараа төлөх гээд чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийн ажиллах урам зориг руу ус цацаж байна. Ингэхээр чинь хүмүүс ажлаа хаяад гадагшаа явна.
Малчин хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлнө гэж байна. Ямар хүнийг малчин гэж хэлэх вэ?. Төр төлнө гэхээр бүгд малчин гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс төлүүлэх юм биш үү.
Сонгуулиар малчид дээрээ очиж сурталчилгаа хийх гэж байгаа юм уу. Мах иддэггүй юу гээд С.Чинзориг сайд гуйвуулаад байх шаардлага байхгүй." гэж ярилаа.