Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно
Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.
2023 оны хаврын ээлжит чуулганыг “авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чуулган” болгосныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин илэрхийлж, энэ тэмцлийг ард түмэн төлөөлөгчдийн байгууллага манлайлах учиртайг уриалав.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авлигын эсрэг асуудалд манлайлал үзүүлэх агуулга бүхий эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногт батлахаар Улсын Их Хурал ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ талаар дурдан, уг зохицуулалтыг сулруулж саармагжуулалгүй, харин ч хүрээг нь өргөжүүлж чангатган, төрд ард түмнээ төлөөлж, иргэддээ үйлчлэн ажиллаж байгаа хүн аливаа бизнесийн ашиг сонирхлоос ангид байх, хамаарал бүхий этгээдүүд нь төрд ажилладаггүй байх энэ зарчмыг хатуу суулгах хэрэгтэй гэсэн юм.
2016 онд баилан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаад байгаа юм. Уг хөтөлбөрийг батлахдаа, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, мэргэжил, сонирхлын бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн боловч үр дүн нь сайнгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа АТГ-аас нийт 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийг оролцуулж 250 орчим санал хүлээн авч, төсөлд тусгасан байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, энэхүү үндэсний хөтөлбөрт төсөв, төрийн мөнгөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулахаас эхлээд тендер, төсөв, төрийн өмчийн компаниуд гэх мэт хулгай луйвар байгаа бүх газруудад ил тод, нээлттэй байдал, ард иргэдийн хяналтыг бий болгох, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг хариуцлага болгох зэрэг эерэг, сайн өөрчлөлтүүд тусаж байгааг тайлбарласан юм.
Авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын асуудал биш гэж тэрбээр онцгойлон тэмдэглээд, төрийн өмчийн бүх компаниудыг цахим болгохоос эхлээд Засгийн газар, яамд, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд манлайлж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийг 2021 онд баталснаас хойш Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” гэх мэт олон асуудлаар шүгэл үлээж, иргэд олон нийтийн анхаарлын төвд оруулж, тэргүүлэн манлайлж, санаачилгатай ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг онцлон дурдаж, талархал илэрхийлээд тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг тус Байнгын хорооны Ажлын хэсэгт чиглэл болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.