Х.Булгантуяа: Хөрөөний ир шиг болсон байгаа “ҮНДСЭН ЦАЛИНГИЙН“ гол ялгааг арилгана
2023 оны төсөв ба Тодотголын хүрээнд цалин хөлсийг нэмэх тал дээр ХНХ-ын сайд Х.Булгантуяа байр сууриа илэрхийлж, гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь агуулгаа ойлгохгүйгээр цалинг тэгшитгэнэ гэж яриад байх юм. Ингэж ярьж болохгүй. Маш олон өөр өөрийн гэсэн онцлогтой салбарын хүмүүсийн цалинг тэгшитгэнэ гэж ярьж болохгүй. Жишээ нь шинжлэх ухааны салбарт ажиллахын тулд 10 гаруй жил сурч байж хүрээлэнгийн судлаач болдог. Энэ хүмүүсийг зарим хүмүүстэй тэгшитгэж болохгүй. Шинжлэх ухааны салбарынхан чинь энэ үгийг сонсоод гайхаж байна." хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тайлбартаа "Хөрөөний ир шиг болсон үндсэн цалингийн гол ялгаануудыг арилгах арга хэмжээ авч байгаа. Тэрнээс салбар болгоны онцлогийг харгалзан үзэж байгаа. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын цалингийн доод түвшинг 1 сая төгрөг болгох зорилт тавьсан. Шинжлэх ухааны салбарын цалин 41,5 хувиар нэмэгдэж байгаа. " хэмээлээ.