С.Амарсайхан: Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно
Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан боловч банкууд шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Давж заалдах шатны шүүх хурал болж, "Нэг хувийн шимтгэл үндэслэлгүй" гэсэн шийдвэр гаргасан талаад бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийжээ. Тэрээр "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1% авч байгаа нь хууль бус гэдгийг шүүх тогтоолоо.
ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2023.06.13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно.
Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Ипотекийн 8% зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ.” гэлээ.