Т.Энхтүвшин: УУЛ УУРХАЙН ЯАМ нь газрын тос боловсруулах үйлдвэрийг “ЗӨНД НЬ ХАЯСАН“
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар Үйлдвэржилтийн байнгын хороо мэдээлэл сонсож байна.
УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин энэ үеэр дараах асуудлыг тавьсан юм.
Тэрээр "Монгол газрын тос боловсруулах" төрийн өмчит хязгаарлагдмал компанийг яг хэн хариуцаад байгаа юм бэ. Засгийн газар хариуцаад байгаа юм уу, УУЯ нь хариуцаад байгаа юм уу, Эрдэнэс Монгол ХК нь хариуцаж байгаа юм уу гэдэг дээр тодорхой хариулт хэлээд өгөөч. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэндээ эрчимтэй явсан. Ялангуяа Монгол Улсын Засгийн газраас хариуцаж байгаа ажлууд. Тэгвэл хотхоны барилга байгууламжийн ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Уг нь 70 хувьтай баригдсан барилга. Гэтэл сүүлийн хоёр жил хаягдсан.
Сая дамжуулах хоолойн төслийн нээлт болсон. Хоёр, гуравдугаар багц ажил хийгдэж дуусаад нээлтээ хийхэд яамдаас ганц ч төлөөлөл байгаагүй шүү. Уул уурхайн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, ЗГХЭГ-аас хэн ч байгаагүй.
Монгол Улсад хамгийн том бүтээн байгуулалт шүү дээ. Монголчууд өөрсдөө газрын тосоо дотооддоо боловсруулъя, Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлье, гаднаас хараат бус байя гээд төрийн өндөрлөгүүд нь зүтгээд байхад доод шатандаа ийм л байдалтай байна.
Үнэхээр харамсалтай. Уул уурхайн яам энэ ажлыг гардаж авах хэрэгтэй. Монгол Улсад хамгийн их хэрэгтэй ажил бол энэ газрын тос боловсруулах ажил шүү. Ажлаа эрэмбэлмээр байна. Үнэндээ газрын тос боловсруулах үйлдвэрийг УУЯ зөнд нь хаячихаад байна" хэмээлээ.