Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газарт ажиллажээ

2014 оны 7 сарын 30

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо 2014 оны 07 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд ажиллажээ..

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газруудын үйл ажиллагаа болон консулын газрын байр, ажиллах нөхцөл, ажилчдын орон сууцны асуудалтай тус тус газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцсан байна.. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих, жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдэж Ерөнхий консулын газрууд ачаалал ихтэй ажиллаж байгаа боловч үйл ажиллагаа нь сайжирч байгаа аж. Ажлын хэсэг ОХУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгох, урилга гаргах, буцаах үнэмлэх олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцсан юм. Улаан-Үдийн Ерөнхий консулын газраас сүүлийн 5 жилд 69729 хүнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна.

УИХ-ын гишүүд Эрхүүгийн Ерөнхий консулын газрын сүүлийн 3 жилийн, Улаан-Үд дахь консулын газрын сүүлийн 5 жилийн төсвийн гүйцэтгэлтэй танилцаж, төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар зарим тодорхой чиглэл саналуудыг өгчээ.

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцлаа. Оюутнууд Монгол Улсаас гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгийн зүгээс анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх зэрэг санал гаргаж, Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямарваа нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байгаа талаар оюутнуудын тавьсан асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараагаар холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг сайшаан, зарим тулгамдаж байгаа асуудлын талаарх саналаа Гадаад харилцааны яамаар уламжлуулан Байнгын хороонд ирүүлэхээр болсон бөгөөд Байнгын хорооны дарга, гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Берлина Людмила Михайловна тэргүүтэй төлөөлөгчид, Буриад Улсын Ардын Хурлын орлогч дарга Павлав Владимир Анатольевич, Байнгын хорооны дарга Ирильдеев Вячеслав Германович, Батуев Цыденжап Бимбаевич, Тамгын газрын дарга Эрдынеев Владимир Батоцыренович нартай тус тус уулзалт зохион байгуулж, хууль тогтоох байгууллагууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6475
0 эможи
keyboard_arrow_up