Л.Болд яамны газар, хэлтэс, нэгжийн дарга нартаа амарч болохгүй гэсэн үүрэг өгчээ
Зуны налгар өдрүүд үргэлжилж, хот хөдөөгүй найр наадам, ойн баярууд давхцаж буй энэ үед хамгийн их ажилтай байгаа газар нь Гадаад харилцааны яам гэхэд болно.
Учир нь ирэх сард тэмдэглэхээр зэхэж буй Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Мөн ирэх сарын сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зиньпин манай оронд айлчлал хийх гэж буй.
Хоёр хөршийн төрийн тэргүүдийн энэхүү айлчлал манай улсын хувьд өндөр ач холбогдолтой.
Ялангуяа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлал сүүлийн үед царцанги байдалд ороод байсан манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах нь дамжиггүй. Тиймээс эдгээр айлчлалын бэлтгэл ажлыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Л.Болд яамны газар, хэлтэс, нэгжийн дарга нартаа амарч болохгүй гэсэн үүрэг өгчээ.
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийг энэ жил Мьянмар улс даргалж буй.
Тус улсад ирэх сарын эхээр болох АСЕАН-ы бүсийн чуулгын сайд нарын ээлжит уулзалтад манай улс урилгаар анх удаа ажиглагчаар оролцох юм байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд наймдугаар сарын 5-нд уг хуралд оролцохоор явах тул тус яамныхан энэ зун ийнхүү амрах завгүй ажиллаж байна.