О.ЦОГТГЭРЭЛ: Хүн амын тооноос харахад УИХ-ын гишүүдийн тоо 126 байх нь төлөөлөх чадвартай нийцэж байна
УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд уулзаж ҮХНӨ-ийн асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын ҮБХ хуралдсан. Шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Хэрвээ холимог тогтолцоо орж ирвэл гишүүдийн харьцаа 60:40 байя, мажоритар нь давамгай байя гэх саналтай оролцож байгаа. Үүний цаана тодорхой үндэслэлүүд бий. УИХ-ын гишүүний 24 нь Улаанбаатар хотоос сонгогдож байгаа. Пропорциональ гэдэгт Улаанбаатарын иргэдийн санал давамгай болно. Улаанбаатарыг ч бид орон нутагт оруулж тооцдог. Тооны хувьд 60:40 мөртлөө чанарын хувьд 50:50 байна.
1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүн гэж тогтооход нэг УИХ-ын гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Энэ харьцаагаар бодсон ч тэр 126 гэдэг тоо нь дүйж очиж, төлөөлөх чадвартай нийцэж байна гэж намын бүлгүүд ойлголцсон. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх үндэслэл нь төлөөлөлтэй нь илүү холбоотой. Газар нутаг, хүн ам бүгд төлөөлөлтэй. Харин өсгөхгүй байх шаардлага нь хууль тогтоох байгууллагатай хамаатай гэж харж байна" гэв.









