“Ховдод дөрөв, тавдугаар сард үүл буудахаар 100 саяыг төсөвлөсөн ч гүйцэтгэгч нь шалгарсангүй“
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "2023 оны төсвийн тухай хууль батлагдангуут тендер зарлаж болохоор болсон. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 1-нээс хойш биш өмнөх оных нь арваннэгдүгээр сарын 15-наас хойш тендерээ зарлаж болдог болсон. Ховд аймагт ганцхан тендер бий. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тендерийн гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Дөрөв, тавдугаар сард үүл буудвал чийгшилт нэмэгдэж бороо хур элбэгших боломжтой. Зургаа, долоодугаар саруудад ОХУ, Казахстан үүл бууддаг учраас манайд буудах боломжгүй сэмжин үүл орж ирдэг. Ийм үүлнээс бороо ордоггүй. Тиймээс дөрөв, тавдугаар сард үүл буудах зорилгоор Ховд аймагт 100 сая төгрөг төсөвлөсөн. Гэвч энэ ажлыг гүйцэтгэх компани нь одоо болтол тодроогүй байна. Одоо Ховд аймагт ямар ч цас алга" гэв.